Saturday, September 18, 2010

Ave Maria буюу Гэгээн Мария

Шашин шүтлэг ид хүчээ авч байсан дундад зууны үед бараг хөгжим зохиодог болгон өөр өөрийнхөө авьяасыг шавхан байж, Аве Мария буюу Гэгээн Мария гэдэг мөргөлийн дууг зохиодог байсан бололтой. Тийм ч учраас өнөө цагт бидний мэдэх, мэдэхгүй, нэрд гарсан гараагүй түмэн төрлийн Аве Мария гэдэг дуу бий.

Зарим нэг нь Гэгээн Мария гэж чухам хэн болчихоод нэртэй, нэргүй сонгодог хөгжмийн зохиолчид түүнд зориулж, дуу хөгжим зохиосон юм бол гэж бодож байж магадгүй. Тэгвэл Библийн сударт дурьдсанаар Мария /англиар Мари гэдэг/ бол нэг ч эр хүнтэй энгэр зөрүүлээгүй тас онгон байсан хэрнээ нуган үр төрүүлчихдэг гайхалтай эмэгтэй. Хамгийн гол нь түүний төрүүлсэн нуган үр нь гучин хэдэн насандаа загалмай дээр цовдлуулж нас бардаг, дэлхийд алдартай нөгөө Ийсүс гуай шүү дээ.

Библийн сударт бичсэнээр Ийсүс гуайн эцэг нь Бурхан багш гэжугаа. Тэгвэл Мария бүсгүй Бурхан багштай нөхцөж, нуган үрийг нь төрүүлчихдэг бас л ховорхон тавилантай сүрхий бүсгүй. Тийм ч учраас Христын шажинтнууд Марияг шүтэж, Гэгээн эх хэмээн залж, мөргөл магтаалын дууг сэтгэл харамгүй түүнд зориулж зохиосон хэрэг. Тэр олон Аве Мария дуунууд дотроос дэлхийд хамгийн алдартай нь Германы хөгжмийн зохиолч Иога́нн Себастья́н Бах, Австрийн хөгжмийн зохиолч Франц Шу́берт хоёрын Аве Мария дуунууд юм.





Эдгээр дуунуудыг сонсч байхад Мария гэх үзэсгэлэнт бүсгүй төсөөлөгддөг ч гэлээ "Бурхан багш" гэж сүрхий амьтан шөнө дунд Мария бүсгүй дээр оччихоод үүрээр гараад алга болчихдог нэгэн байж дээ. Тийм ч учраас Мария бүсгүй эцэггүй хүүхэд төрүүлсэн хэрэгт орохоос эмээсэндээ л хүүгээ Бурханы хүү хэмээн тайлбарласан байх гэж бодогддог юм. Хамгийн сонирхолтой нь Мария бүсгүйн энэ түүх Монголын нууц товчоон дээр гардаг Алун-гуа эхийн түүхтэй их төстэй.

Монголын нууц товчоонд дурьдсанаар Добу мэргэн үгүй болж Алун-гуа эх бэлэвсэрсэн хэрнээ гурван нуган үр төрүүлдэг. Тэгээд Алун-гуа эх үүний учрыг тайлбарлахдаа: Шөнө бүр цагаан шар хүн гэрийн өрхийн тотгоор гийгүүлэн орж ирээд миний хэвлийг илэхэд түүний гэрэл миний хэвэлд шингэх бүлгээ. Тэр хүн, гарах нар сарны хилээр шар нохой мэт шарвалзсаар гарч одно. Түүнээс үзвэл энэ гурван хөвүүн тэнгэрийн хөвүүд биз" гэж хэлсэн байдаг.

Үүнээс үзвэл тэр цаг үед Израйлд ч тэр, Монголд ч тэр ялгаагүй эрчүүд шөнө дунд бүсгүйчүүдийн гэрт сэм орж, загас наадуулчихаад үүр цайхаас өмнө гарч алга болдог. Бүсгүйчүүд нь ч гэсэн таньж мэдэхгүй эртэй санаа зовох юмгүй хонож орхидог. Түүгээр ч барахгүй жирэмслэхээрээ "энэ бол бурханы хүүхэд" хэмээн тайлбарлаж, өөрсдийгөө цэвэр ариун эмэгтэй болгочихдог. Их догь хүмүүс байсан юм шиг байгаам.

Гэгээн Мария дуунуудыг сонсч байхад хачирхалтай санагддаг өөр нэг зүйл бол Европын агуу хөгжмийн зохиолчид Мария бүсгүй болоод өөрсдийн дурлалт бүсгүйчүүддээ зориулж өчнөөн дуу хөгжим зохиосон хэрнээ яагаад төрсөн эхдээ зориулж ганц ч дуу зохиогоогүй юм бол гэдэг асуудал. Уул шугамандаа ямар ч хүний хувьд өөрийг нь төрүүлж, өсгөсөн эх хүн хаа байсан Израйлд Ийсүсийг төрүүлсэн Мария гэх еврей бүсгүйгээс илүү үнэ цэнэтэй хүн баймаар. Шашныхаа итгэл үнэмшилээс шалтгаалаад хүмүүс Марияг шүтэж биширдэг байж болох ч төрсөн эхийгээ Мариягаас доогуур тавина гэдэг утгагүй асуудал. Яагаад гэвэл тухайн хүн өнөөдөр энэ хорвоо дээр тоос хөдөлгөөд явж байгаа нь Мариягийн ач биш харин түүнийг төрүүлж, өсгөсөн эхийнх нь ач. Ийм ч учраас манай Монголчууд ямар нэг бурхан багш, гэгээнтэн, санваартаныг магтаж дуулдаггүй хэрнээ эцэг, эхээ магтаж дуулдаг байх.

No comments: