Tuesday, September 28, 2010

Жалам хар

Гайхалтай аялгуу. Бүжиг нь ч бас сүртэй, гоё. Хэдийгээр гуравхан эрэгтэй бүжиглэдэг ч гэсэн 30 гаруй хүн бүжиглэсний дайтай сүртэй, тайз дүүрээд л. За тэгээд адуу гээч амьтан өөрөө их сүрхий хийморьлог амьтан юм даа.



Сониноос Жалам хар гэдэг нэртэй хамтлаг Өвөр Монголд байдгийг Юүтүбээр хэсч яваад олж мэдлээ. Өвөр монгол гэх эдгээр залуусын монгол хэлний дуудлага нь ар монголын бид мэтийнхээс ялгарах зүйл огтхон ч алга. Хамгийн гол нь өнөөг хүртэл миний үзэж, сонссон өвөр монгол дуучид дотроос эдгээр залуучууд дуу, хөгжмийг үнэхээр мэргэжлийн түвшинд эзэмшжээ. Бас дуулж байгаа хэв маяг нь цаанаа намбалаг, үсчиж, цовхчоод, хоолойгоо шахаж, орилоод байхгүй. Яалт ч үгүй Монгол намба төрхтэй. За тэгээд эдгээр залуусын дуулсан дуунуудаас хамгийн их таалагдсан хоёр дууг нь энд орууллаа. Харийн нутагт амьдарч байгаа монгол ахан дүүс минь эдгээр дуунуудыг сонсч, нутаг ус, аав, ар гэрийнхнийгээ санаж, сэтгэлээ сэргээж, нууцхан нулимс дуслуулбал дуслуулаарай.



Saturday, September 18, 2010

Ave Maria буюу Гэгээн Мария

Шашин шүтлэг ид хүчээ авч байсан дундад зууны үед бараг хөгжим зохиодог болгон өөр өөрийнхөө авьяасыг шавхан байж, Аве Мария буюу Гэгээн Мария гэдэг мөргөлийн дууг зохиодог байсан бололтой. Тийм ч учраас өнөө цагт бидний мэдэх, мэдэхгүй, нэрд гарсан гараагүй түмэн төрлийн Аве Мария гэдэг дуу бий.

Зарим нэг нь Гэгээн Мария гэж чухам хэн болчихоод нэртэй, нэргүй сонгодог хөгжмийн зохиолчид түүнд зориулж, дуу хөгжим зохиосон юм бол гэж бодож байж магадгүй. Тэгвэл Библийн сударт дурьдсанаар Мария /англиар Мари гэдэг/ бол нэг ч эр хүнтэй энгэр зөрүүлээгүй тас онгон байсан хэрнээ нуган үр төрүүлчихдэг гайхалтай эмэгтэй. Хамгийн гол нь түүний төрүүлсэн нуган үр нь гучин хэдэн насандаа загалмай дээр цовдлуулж нас бардаг, дэлхийд алдартай нөгөө Ийсүс гуай шүү дээ.

Библийн сударт бичсэнээр Ийсүс гуайн эцэг нь Бурхан багш гэжугаа. Тэгвэл Мария бүсгүй Бурхан багштай нөхцөж, нуган үрийг нь төрүүлчихдэг бас л ховорхон тавилантай сүрхий бүсгүй. Тийм ч учраас Христын шажинтнууд Марияг шүтэж, Гэгээн эх хэмээн залж, мөргөл магтаалын дууг сэтгэл харамгүй түүнд зориулж зохиосон хэрэг. Тэр олон Аве Мария дуунууд дотроос дэлхийд хамгийн алдартай нь Германы хөгжмийн зохиолч Иога́нн Себастья́н Бах, Австрийн хөгжмийн зохиолч Франц Шу́берт хоёрын Аве Мария дуунууд юм.





Эдгээр дуунуудыг сонсч байхад Мария гэх үзэсгэлэнт бүсгүй төсөөлөгддөг ч гэлээ "Бурхан багш" гэж сүрхий амьтан шөнө дунд Мария бүсгүй дээр оччихоод үүрээр гараад алга болчихдог нэгэн байж дээ. Тийм ч учраас Мария бүсгүй эцэггүй хүүхэд төрүүлсэн хэрэгт орохоос эмээсэндээ л хүүгээ Бурханы хүү хэмээн тайлбарласан байх гэж бодогддог юм. Хамгийн сонирхолтой нь Мария бүсгүйн энэ түүх Монголын нууц товчоон дээр гардаг Алун-гуа эхийн түүхтэй их төстэй.

Монголын нууц товчоонд дурьдсанаар Добу мэргэн үгүй болж Алун-гуа эх бэлэвсэрсэн хэрнээ гурван нуган үр төрүүлдэг. Тэгээд Алун-гуа эх үүний учрыг тайлбарлахдаа: Шөнө бүр цагаан шар хүн гэрийн өрхийн тотгоор гийгүүлэн орж ирээд миний хэвлийг илэхэд түүний гэрэл миний хэвэлд шингэх бүлгээ. Тэр хүн, гарах нар сарны хилээр шар нохой мэт шарвалзсаар гарч одно. Түүнээс үзвэл энэ гурван хөвүүн тэнгэрийн хөвүүд биз" гэж хэлсэн байдаг.

Үүнээс үзвэл тэр цаг үед Израйлд ч тэр, Монголд ч тэр ялгаагүй эрчүүд шөнө дунд бүсгүйчүүдийн гэрт сэм орж, загас наадуулчихаад үүр цайхаас өмнө гарч алга болдог. Бүсгүйчүүд нь ч гэсэн таньж мэдэхгүй эртэй санаа зовох юмгүй хонож орхидог. Түүгээр ч барахгүй жирэмслэхээрээ "энэ бол бурханы хүүхэд" хэмээн тайлбарлаж, өөрсдийгөө цэвэр ариун эмэгтэй болгочихдог. Их догь хүмүүс байсан юм шиг байгаам.

Гэгээн Мария дуунуудыг сонсч байхад хачирхалтай санагддаг өөр нэг зүйл бол Европын агуу хөгжмийн зохиолчид Мария бүсгүй болоод өөрсдийн дурлалт бүсгүйчүүддээ зориулж өчнөөн дуу хөгжим зохиосон хэрнээ яагаад төрсөн эхдээ зориулж ганц ч дуу зохиогоогүй юм бол гэдэг асуудал. Уул шугамандаа ямар ч хүний хувьд өөрийг нь төрүүлж, өсгөсөн эх хүн хаа байсан Израйлд Ийсүсийг төрүүлсэн Мария гэх еврей бүсгүйгээс илүү үнэ цэнэтэй хүн баймаар. Шашныхаа итгэл үнэмшилээс шалтгаалаад хүмүүс Марияг шүтэж биширдэг байж болох ч төрсөн эхийгээ Мариягаас доогуур тавина гэдэг утгагүй асуудал. Яагаад гэвэл тухайн хүн өнөөдөр энэ хорвоо дээр тоос хөдөлгөөд явж байгаа нь Мариягийн ач биш харин түүнийг төрүүлж, өсгөсөн эхийнх нь ач. Ийм ч учраас манай Монголчууд ямар нэг бурхан багш, гэгээнтэн, санваартаныг магтаж дуулдаггүй хэрнээ эцэг, эхээ магтаж дуулдаг байх.

Friday, September 17, 2010

Улаанбаатар эгээ л гадаадын хот аятай

Air link Aero Mongolia, BSB Service, Digicom, Citinet, Genco, Interpress, Just group, MCS Group, MedImpex International, Petrovis, Unitel, Skytel, Mobicom гээл дурьдаад байвал Монголд үйл ажиллагаа явуулж буй гадаад дотоод эзэнтэй бараг бүх компани гадаад нэртэй. Дээрээс нь шинээр баригдсан орон сууцны хорооллууд, тухайлбал Маршал таун, Жапан таун, Грийн вилла, Гоүлдэн вилла, Кристал таун гээд бүгд бас гадаад нэртэй. Нэр усаа бүгд бидний хэлж заншсанаар "латин" үсгээр бичдэг.

Англи хэл хальт мульт заалгасан бид мэтийн 30-аас доош насныхан тэдгээр гадаад үгнүүдийг муухан гаргаад зөв буруу дуудаад уншчихаж байгаа юм. Харин 50-аас дээш насныхан тэр тусмаа 70, 80 настай өвөө эмээ нар маань хөөрхий тэр олон гадаад үг үсгийг унших нь бүү хэл, хараад ойлгохгүй, толгой тархи нь эргээд төөрдөг гэж байгаа.

Шулуухан хэлэхэд өнөөдөр монголоос өөр хэл мэддэггүй монгол хүн Улаанбаатар хотод амьдрахад үнэхээр бэрх болж. Энэ нь нэг талаасаа манай монголчууд янзан бүрийн гадаад орнуудаар явж, галуу шувууны мах идэж, юм үзэж, нүд тайлж, овоо хэдэн гадаад үг гальт тогтоосны илрэл байх харин нөгөө талаасаа өнөөгийн монголчууд бяд гадаадыг гэт их тахин шүтдэг болсоны баталгаа гэлтэй.

Яахдаа өнөөдөр Монголоор бичсэн зүйлийн 5 үг тутамын нэг нь л монгол үг байдаг гэсэн сүрхий яриа дэлгэрээд байхав. Ер нь манай засаг төр гадаад хэлийг Монгол хэлнээс дээгүүр тавьж, яваандаа монгол хэлийг устгах бодолтой байгаа бол би ч гэсэн түүнд нь хувь нэмрээ оруулж, гадаад, монгол үгсийг гайгүй сайн хольж бичдэг болдог ч юм билүү гээл бодоод л байгаа. . .